ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүх, архивын материал эрт дээр үеэс эхтэй ч бие даасан архивын бүтэц байгаагүй. Ийм учраас архивт хадгалагдвал зохих түүхэн баримт сэлт нь Богд хаант Монгол улсын үе /1911-1921/, Ардын хувьсгалт засгийн /1921-1941/, социализмын үе /1941-1990/ гэсэн 3 түүхэн хэсэгт хамаарагдаж, Дотоодыг хамгаалах газар, ДЯЯ, НАХЯ, Төв архивын сан хөмрөгт тусгай нэгж, дугаартай хадгалагдаж ирсэн түүхтэй юм.
1990 онд НАХЯ татан буугдаж, Засгийн газрын шууд харьяанд Цагдаагийн ерөнхий газар бие даан байгуулагдахад НАХЯ-ны Төв архиваас цагдаагийн байгууллагад холбогдох бичиг баримтыг шилжүүлэн авах, шинэ үеийн архив бүрдүүлэх, бие даасан архивын бүтэц, зохион байгуулалтыг бий болгох ажиллагаа эхэлсэн байна.
Анх ЦЕГ-ын Тамгын хэлтсийн харьяанд архив хариуцан сан хөмрөг бүрдүүлэх үүрэгтэй хоёр ажилтны орон тоо бий болгож ажиллуулсан. Ингэж байгаад ЦЕГ-ын даргын 1993 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 273 тоот тушаалаар ЦЕГ-ын архив байгууллагын архивын статустай анх байгуулагдсан.
Монгол улсын Үндэсний архивын газрын 2005 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн шийдвэрээр цагдаагийн байгууллагын архивыг төрийн төрөлжсөн архивын статустай болгосон.Үүнийг үндэслэн ЦЕГ-ын даргын 2005 оны 5 дугаар сарын 31-ний 247 тоот тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын Төв архив” гэсэн бие даасан нэгжийг байгуулсан.
ЦЕГ-ын даргын 2014 оны 04 дүгээр сарын 14 өдрийн 261 дугаар тушаалаар “Төв архивын газар” болон ажиллаж байна. Тус архивын газар нь Архивын сан, Тусгай архивын сан, Цагдаагийн түүх судлалын сектор, Цагдаагийн музей гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.